Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2025-06-30

С.Сумьяа "Наймдугаар сарын говь"


НАЙМДУГААР САРЫН ГОВЬ

Насан багын намар надаас илчээ нэхээд

Намрын гуниг бодолд хагсаад жиндүүхэн өнжинө

Шилбэ өвсний шүүдэр бөнжигнөөд

Шимийн идээ шиг чимчигнэж байна

Ай ийм л цаг наймдугаар сарын говио.

Адуун тургианд хултай айраг долгиолж

Аяа намрын бодол цээж дэрлэн унахуй

Амрагийн харц адил уяралтай

Сүүрс алдаж найман сарыг үдэхүйеэ нэн бэрх

Сөл өвс хэнзрэх шиг юутай уйтай.

Он жилүүдийн тэртээх хөгжилтэй инээд

Одот тэнгэрийн болзоо, оройтсон үдэшлэг

Нимгэн цамц шалба норгосон

Наймдугаар сарын бороотой дурсамж

Ногтлон нисэх шувуу шиг

Намрын говиос алсарнаа.

Ай бодлын минь зулайд зуу зуун жил хадагдах

Аглагхан говийн ариухан дурлал чамайг

Аялгуут он цагаас нэхэн нэхэн санасаар

Аяа бүсгүй саран шиг үүрдийн үзэсгэлэнг зөвхөн чамдаа хадгалюу.

Удамт малчны хоолойд ардын дуу эгшиглэж

Уулга алдсан говь минь торойн торойн зэрэглээтнэ

Учрахын билэгтэй наймдугаар сарын говь

Уужмын талдаа ертөнцийн энгээр намайг даллана

Аяа бодлын минь зулайд мөнгөн саран мандахуй

Алсрах он жилүүд улам тод санагдаж

Алтан бөмбөрцөгийн хуульгүй илчинд

Дахиад мянга мянган намрын дуулал оршиноо

Аяа наймдугаар сарын говио.

2017.08.26.                 С.СУМЬЯА

Admin

| 2021-04-22 18:09:36

Сэтгэгдэл үлдээх